Шүүгээ аймшгийн өгүүллэг

scary-ghost-stories-for-kids-at-halloween-wardrobe

Өсвөр насны хүүхэд болоод ч тэр юм уу? Сувдаа үргэлж л ямар нэг сонирхолтой бас эрсдэлтэй зүйл хийхийг хүсдэг нэгэн.Их л сониуч зантай.Тэр хийхийг хүссэн зүйл нь өөрийнх нь амь насанд аюултай байж мэдэх ч тэр хийх л болно.Цас бударсан аравдугаар сарын сүүлийн өдөр Сувдаагийн хичээлийнх нь амралт болж долоо хоног гэртээ байх болов.Ихэнх цагаа тэрээр өөрийнхөө унтлагын өрөөнд интернэт ухаж өнгөрөөнө.Найзуудтайгаа сошиал медиа чатаар чатлаж хэрэгтэй хэрэггүй хов жив, сенсаци мэдээ нийтлэл уншиж амралтын өдрийг өнгөрөөж байлаа.Сувдаа хэдий эмэгтэй ч эрэгтэй хүүхдээс дутахааргүй зоригтой гэж өөрийгөө боддог байв.Тиймдээ ч Сувдаа аллага хүчирхийлэл, чөтгөр шуламтай аймшгийн кино үзэх хоббитой.Гэрийнх нь энд нь тийм ч таатай хандаад байдаггүй.Учир нь эмэгтэй хүүхэд иймэрхүү кино үзэх нь зохимжгүй гэж үздэг байв.

Гэлээ ч Сувдаа нууцаар заримдаа баригдсан ч тоохгүй дуртай аймшгийн киногоо үзчихнэ.Түүний үеийн охидууд бол нөгөө л гуниг зовлон болсон солонгос кино үзэж тархиа угаалгаж дотор нь хэт автддаг байлаа.Сувдаа харин тийм кино үзэх ёстой дургүй.Хүүхэн шиг царайтай эрчүүдийг нь хараад пээх ямар муухай сэжгийн юм бэ? гээл эвэртэй туулай үзсэн юм шиг л гайхширна.Харин түүний найз охидууд нь бол юу нь сэжгийн байгаа юм харин ч ёстой өөлхөн байгаа биздээ гээд л Сувдаагийн хэлсэнийг үгүйсгэнэ.Тэдний нялуун цаанаа л хуурамч айлгүй занд Сувдаа дургүй болохоор ангийнхаа охидуудтай нийлээд байдаггүй.Сувдаагийн нийлдэг хэд нь гэвэл ангийн хэдэн банди нар нь.Гэхдээ бүгдэнтэй нь биш л дээ.Тэр олон банди нар дотор Сувдаагийн үзэж чаддаггүй нүүр амаа будаж, нарийхан тирко шиг өмд өмссөн банди нар цөөнгүй бий.

Дөнгөж л өвөл болж буй ч гадаа цасаар шуураад Сувдаагийн хувьд гэрээсээ гармааргүй санагдана.Сувдаагийн эцэг эх нь нэг компанид хамт ажилладаг бөгөөд өчигдөр өглөө томилолтоор гадагшаа долоо хоногийн хугацаатай явж таараад Сувдаа гэртээ ганцаараа үлдсэн юм.Уламжлал ёсоор Сувдаа хоолоо идсэн болоод өрөөндөө орон интернэт ухаж гарлаа.Халловеены баяр болох гэж байгаа болохоор интернэт ертөнцөд халловеен болон аймшгийн төрлийн мэдээ нийтлэлүүд шаваастай байлаа.Сувдаагийн ганц сонирхдог юм нь болохоор бүгдийг нь нүдээ бүлтийлгэн сонирхон уншлаа.

Халловеен буюу сүнсний баяр нь хаанаас үүссэн ямар утга агуулгатай гээд л хар мянган мэдээнүүд байх нь тэр.Тэр дунд Сувдаа сүнс дуудах тоглоом гэсэн гарчигтай нийтлэлийг олж харлаа.Гартаа барьсан хулганаараа дартал нэг аймшгийн бололтой сайт руу ороод ирэв.Сувдаа ангайж баярлах шиг болов.Тэр аймшгийн сайт дотор нь сүнс дуудах гэсэн баахан заавар зөвлөгөө дэс дараагаараа байгаа харагдав.Хамгийн эхэнд байсан шүүгээ гэсэн аймшгийн тоглоом Сувдаагийн анхааралийг ихээр татаж дэлгэрэнгүй дээр нь дарж нүдээ цавчилгүй уншлаа.Сайт дээр бичсэнээр уг шүүгээ хэмээх тоглоомийг хэрхэн тоглох вэ? гэхээр

Гол нь энэ тоглоомийг нэг л хүн тоглох боломжтой ба өөрийн байшиндаа өрөөнүүдийнхээ бүх гэрэлийг унтрааж сонгож авсан нэг өрөөний орон доор харандаагаар тойрог дүрс зурж дараа нь тэр тойрог дотроо лаа асааж аяга хөмрөн тавьна.Харанхуй өрөөнд орон доороос чинь лааны бүүдгэр гэрэл цухуйх болно.Дараа нь улаан өнгийн нүдээ боож болох нарийхан туузан алчуур авчирж лааны хажууд тавь.Одоо ингээд бүх зүйл бэлэн болсон гэсэн үг.Харин дараа нь үүнийг тоглох гэж буй хүн хувцасны шүүгээн дотороо орон нуугдаж гурван удаа Чарли би чамтай нуугдаж тогломоор байна гэж чанга дуугаар хэлнэ.Үүний дараа чи шүүгээнийхээ завсараар харанхуй өрөөг бүдэг бадаг гэрэлтүүлэх оронд доор байгаа тойрог дундах лаа болон улаан алчуур луу анхааралтай ширтээд бай.Хэрэв гэнэт алчуур алга болж лаа унтрах юм бол сүнс чамтай тоглохийг зөвшөөрч тоглоомоо эхлүүлж чамайг хайх болно.

Анхааруулах нь энэ тоглоомийг туршиж үзэхгүй байхийг хүсэж байна.Энэ нь таны амь насанд ч аюултай байж магадгүй гэж бичсэн байлаа.Сувдаа үүнийг анхааралтай уншсан ч анхааруулах нь гэсэн зүйлийг нь огтхон ч тоосонгүй.Сувдаа нилээн бодож эргэлзэн суусний эцэст сайт дээр бичсэн тэр тоглоом үнэн ч бай худлаа ч бай хамаагүй нэг туршаад үзье гэж бодлоо.Угаасаа би элдэв юмнаас айдаг ч биш гэж өөрийгөө тайвшруулж байв.Гадаа цас шуурсаар л гэгээ тасарч нэг л мэдэхэд хавирган сар тэнгэрийн хаяанд гарч ирэн харанхуй боллоо.Сувдаа оройн цагаар хүнд махан хоол иддэггүй зуршилтай учир хөргөгчөө онгойлгон нэг жижиг савтай тараг аван уулаа.Энэ нь түүний хувьд оройн хоол л гэсэн үг.Тэгээд ч эмэгтэй хүүхэд одооноос гадаад төрхөндөө анхаарахгүй бол болохгүй гэж тэр боддог.Ингэж байж л Сувдаа ангийнхаа банди нарийг бишрүүлэм гоолиг биеээ хадгалж үлдсэн юм.Ууж дууссан шингэн тарагнийхаа савийг нь хогын саванд хийчихээд дээд давхарын унтлагын өрөө рүүгээ зүглэн шатаар өгсөв.Сувдааг өрөөндөө орж ирмэгц хамгийн түрүүнд асаалттай орхисон орон дээрх нөтбүүк нүдэнд нь тусав.Орон дээрээ гаран хөлөө жийн сууж нөтбүүкээ үзтэл нөгөө шүүгээ гэсэн тоглоомний заавар уншиж байсан сайтаа гаргаагүй орхисон байх нь тэр.Энэ нь түүнд нөгөө тоглоомоо турших үзэх байснийг нь сануулах шиг болов.Сувдаа орноосоо огло үсрэн босож шүүгээгээ уудлан улаан өнгийн өргөн алчуур гаргаж ирэн хайчаар нарийхан хайчилж хүний нүд бооход тохиромжтой болголоо.

Дараа нь шууд л доод давхарын зочны өрөөнөөс тод өнгийн лаа аягтай хамт олж ирэн лаагаа шүдэнзээр асаан түр аяга хөмрөн шалан дээр тавьж орхив.Ойрд уудлаагүй хичээлийнхээ цүнхийг уудлан харандаа гаргаж ирэн нилээн өндөр хөлтэй орон доогуураа мөлхөн орж харандаагаараа эвтэйхэн тойрог зурж аяган дээр тавьсан лаагаа тойрог дунд улаан алчууртай хамт үлдээв.Тиймээ бүх зүйл ингээд бэлэн боллоо гээд Сувдаа өрөөнийхөө гэрэлийг унтраан зай томтой шүүгээн дотороо орлоо.Бусад доод давхарын өрөөнүүдийнхээ гэрэлийг тэр аль хэдийн унтраачихсан юм.Шүүгээний завсараар харвал түүний өрөө нь хав харанхуй хэрнээ орон доороос нь бүдэгхэн лааны гэрэл арай ядан цухуйх нь бүр ч айдас төрүүлэм санагдана.Сувдаа чанга хоолойгоор Чарли би чамтай нуугдаж тогломоор байна гэж гурван удаа хэлээд гүнзгий гэгч нь амьсгаа аваад шүүгээгээ үл ялиг нээн орон доорх лаа болон улаан алчуур луу нүд салгалгүй ширтэв.Анхааралтай ширтэхийн тулд Сувдаа бүр нүдээ цавчихгүйг хичээх ч нүд нь аргаж хорсоод чадсангүй.

Шүүгээн дотороо Сувдаа бараг гучин минут орон доорх лаа, улаан алчуурийг чимээгүй ширтлээ.Гэвч ямар ч үр дүн алга.Орон доор нь өнөөх аяга хөмрөн тавьсан бүдэгхэн гэрэлтэй лаа, нарийхан улаан алчуур хоёр байрандаа байж л байв.Сонин юмдаа би уг нь яг л зааврийн дагуу бүх зүйлийг хийсэн дээ.Яагаад болохгүй байна аа.Эсвэл тэр зүгээр л хэн нэгний бусдийг хуурах гэсэн хий хоосон тоглоом төдий зүйл байсан юм болов уу? За ямартай ч хэсэг хараад л үзье гэж Сувдаа дотороо бодон шүүгээн дотороо өчүүхэн ч чимээ гаргалгүй ажиглалтаа хийн зогсож байтал өмднийх нь халаасанд байсан утаснийх нь гэрэл асаж чангаар чичрэн дуугарч Сувдаа палхийн цочин эгээтэй л ухаан алдчихсангүй.Айж цочисон өөрийгөө тайвшруулах гэж уртаар гүнзгий амьсгаа аван дараа нь өмднийхөө халаасан дахь утасаа гаргаж ирэн чихэндээ наан ярьлаа.Байна уу? Сувдаа миний охин юу хийж байна.Өө хийсэн юмгүй ээ ээжээ.Аав та хоёрийн ажил хэр бүтэмжтэй байна.Сайн сайн ажилаа эрт дуусгачих болохоор маргааш гэхэд гэртээ очих юм шиг байна.Миний охин гэрээ сайн хараад байж байгаарай баяртай гээд ээж нь утасаа салгалаа.Сувдаа ч баяртай гээд утасаа салгатал гэнэт л бүдэг гэрэлтэй өрөө түнэр харанхуй болж Сувдаа сандаран шүүгээний завсараар хартал орон доорх лаа нь унтарчихсан байлаа.Орон доороос нь хөлийн чимээ гарсаар хэн нэгэн өрөөн дотор ийш тийш холхиж байв.

Сувдаа сайтар харвал түүний нүднийх нь урдуур хүн гэхэд хэцүү хав хар сүүдэр зурвасхийн дайраад өнгөрлөө.Айж сандарсан Сувдаа хашгирч чимээ гаргахгүйн тулд шуудхан л амаа дарлаа.Өөрийгөө юунаас ч айдаггүй гэж бодож байсан Сувдаа энэ мөчид бүрэн утгаараа айдас жихүүдэст автах нь тэр.Өнөөх сүнс улаан алчуураар нүдээ боож намайг хайж байгаа юм шиг байна гэж Сувдаа бодож хэрэв тэр намайг шүүгээн дотороос олчихвол яана аа.Намайг яах бол…? хэмээн өөрийгөө шаналган сууна.Харанхуй өрөөн дотор хөлийн чимээ сонсогдсоор төд удалгүй өрөөний хаалга урьд өмнө нь хэзээ ч дуугарч байгаагүй хачин муухайгаар чахран дуугасаар нээгдэж бүдэг бадаг харагдах хар сүүдэр өрөөнөөс гарч одох шиг болов.Ээ бурхан минь энэ тоглоом жинхэнэ юм байна гэж Сувдаа сая л бүгдийг хоёр нүдээрээ харж итгэсэн янзтай толгой дотороо бодлоо.Гэхдээ энэ тоглоом яаж дуусах юм бол.Тэр заавал намайг олох ёстой юм болов уу? Эсвэл тэр намайг хайгаад олохгүй бол буцаад ирсэн газар луугаа яваад өгөх юм болов уу? гэж Сувдаа тээнэгэлзэн бодлогширч шүүгээний завсаар эргэн тойрноо үргэлжлүүлэн харлаа.Гэтэл доод давхараас чанга чанга гишгэх хөлийн чимээ дээд давхарын өрөөний шүүгээнд нуугдаж буй Сувдаад тод сонсогдов.Нөгөө сүнс намайг хайсаар л байгаа бололтой.

Бурхан минь энэ тоглоом хурдан дуусаасай.Хэр удаан үргэлжлэх юм болоо? Зүгээр сонирхоод л туршиж үзсэн тоглоом нь үнэн байна гэж Сувдаа огтхон ч санаагүй юм.Доод давхарын өрөөнд түр тар хийн хөлийн чимээ дуулдсаар л Сувдаа хар хөлсөө цувуулан айж балмагдсан янзтай шүүгэндээ нуугдсаар цаг явсаар нэг мэдэхэд шөнө дунд болсон байв.Уг нь өдийд Сувдаа орондоо дулаан хөнжилөө нөмрөөд унтаж байх ёстой боловч өөрийг нь хайж буй тэр сүнснээс айсандаа шүүгээнээсээ гарах бодол огтхон ч төрсөнгүй.Сувдааг өөрийг нь хайж буй хар сүүдэр мэт сүнсэнд барьж өгөх гэсэн мэт өмднийх халаасан дахь утас нь дахин дуугарлаа.Сувдаа сандарсаар санд мэнд утасаа гаргаж ирэн арын таглааг нь онгойлгон баттерейг нь салгачихав.Хоромхон зуур дуугарсан утасны чимээг өнөөх сүнс сонссон нь лав.Дээд давхар луу өгсдөг шатан дээгүүр хөлөө чирэн тар тар хийн алхсаар унтлагын өрөө рүү ирж буй дуулдав.Энэ гайтай утаснаас болоод тэр намайг мэдчихсэн бол… Сувдаагийн зүрх нь цээжиндээ багтаж ядан хүчтэй цохилж амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй айдас гэдэг зүйлийг хэд дахин илүүтэйгээр мэдэрч байв.Өрөөний хаалга түрийнийх шиг чахран аажуухан онгойлоо.Сувдаа хаалга руу нүд салгалгүй ширтэнэ.Цагаан өнгийн хаалганий цаанаас хав хар сүүдэр мэт нүдээ улаан алчуураар боосон хий үзэгдэл орж ирэв.Түүнд нүүр царай төрх байхгүй ч тэр хэсэгтээ Сувдаагийн улаан алчуураар нүдээ боосон байв.

Амьсгал давчидан хамаг бие нь хөлөрч зүрхэнд нь шар ус хурах мэт болсон Сувдаа шүүгээний хана руу улам шигдлээ.Үл ялиг өлгүүртэй хувцас найган хөдлөх чимээг өрөөн дотор хэсүүчилэх хий үзэгдэл гярхай сонсож шүүгээний зүг алгуурхан алхав.Шүүгээний засраар өнөөх сүнс хөлөө чирэн алхсаар шүүгээний өмнө ирэн шүүгээний хаалга өөрөө хүчтэй саван онгойж хайсан зүйлээ олсон мэт өнөөх сүнс шүүгээний буланд орилж хашгиран суух Сувдаа руу харан би чамайг олчихлоо хэмээн Сувдаагийн хэзээ ч сонсож байгаагүй өөр ертөнцийх мэт муу ёрийн хоолойгоор хэлээд хав хар сүүдэрээрээ яг л түүнийг хучих мэт бүрхэн авч Сувдаатай харанхуйд уусан алга болов.Маргааш нь гадагшаа яваад ирсэн Сувдаагийн эцэг эх хайртай охиноо олсонгүй эрэл сурал болсон ч хэзээ ч түүнийгээ дахин хараагүй юм.

Written by shijree

Shijree нь ohzaza.mn сайт дээр энтертайнмент мэдээ мэдээллээр дагнан нийтлэл бичиж байна. Санал хүсэлт байвал shijree@ohzaza.mn мэйлээр хандаарай